Юм юмнаас

Голдуу миний мэргэжилтэй холбоотой зүйлс буюу мэдээллийн технологийн эргэн тойронд байх болов уу

7/30/2011

Thomas Alva Edison (3-р хэсэг)

West Orange, NJ лаборатори

1887 онд Эдисон West Orange-д бүр том зохион бүтээх лабораторийг байгуулсан юм. Энэ нь өмнө Menlo цэцэрлэгт хүрээлэнгийн лабораториос нь 10 дахин том байв. Харин одоо үндэсний дурсгалт үзмэр болсон билээ. Энэ лаборатори нь 40 барилгаас бүрэлдэх нүсэр байгууламж байв. Үүний 6 барилга нь “бизнесийг зохион бүтээх” хэмээн нэрлэгддэг байжээ. Зөвхөн төв барилга нь дангаараа 3 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй ажээ. Энэ нь машиний дэлгүүр, шилэн эдлэл бүтээх цех, цахилгааны туршилтын өрөө, бодисын агуулах, цахилгаан тэжээл үүсгэгч гэх мэт маш олон үүрэгтэй байв.
Эдисоны лабораторит шинэ бүтээгдэхүүн хийх, хуучин бүтээгдэхүүнээ сайжруулах ажилууд зогсолтгүй явагдаж байв. Таван мянган ажилчин ажиллаж байлаа. Эдисон өөрөө энэ олон ажилтныг удирдахаар мэрийж байв. Энэ бүхэн түүний нэгэн шинэ ажилтан нь хөдөлмөрийн дотоод журамын тухай асуухад эхлэсэн юм. Харин Эдисон түүнд “Энд ямар ч дүрэм байхгүй, бас дүрэм бий. Гэхдээ бид дүрэмтэй болохоор чармайж байна” гэж хариулж байснаар эхэлсэн гэдэг.
Эдисон өдөр бүр л энэ том байгууламжаараа аялаж юу болж байгааг ажигладаг байв. Гэвч тэрээр ихэнх цагийг бичиг цаастай зууралдаж өнгөрүүлдэг байсан бөгөөд үүнийгээ номын сандаа амжуулдаг байв. Энэ номын сан нь судалгааны бөгөөд алдар гавъяаны өрөө байв. Учир нь Эдисон амьдралынхаа туршид маш олон шагналуудыг авч байсан юм. Тиймээс албан байрныхаа төвд ширээн дээр суугаад эргэн тойрондоо гуч гаран тавиурт арван мянган номоор өөрийгөө тойруулан суудаг байлаа.
West Orange-д Эдисон хар лав бичигчийг ашиглан фонографыг сайжруулсан байна. Ингэснээр фонографыг нийтийн хүртээл болгон зарах боломжтой болжээ.
Түүний West Orange лабораториос хөдөлгөөнт дүрс бичлэгийн камер, дуутай дуугүй кинонууд төрж гарсан байна. Түүнчлэн шүлтийн зай, цахилгаан үзэг, хувилагч машин, диктафон машин гээд олон бүтээлүүд төрсөн юм. Цаашлаад нээлт болон өөр бүтээлийн сайжруулалтууд ч байсан нь цемент зуурагч, микрофон, төмөр болон хүдэрийг ялгах соронзон боловсруулалтын арга гээд олон бүтээлүүд гарчээ.
Эдисон дүрс бичлэгийн камерийн хальсны дамарыг анх санаачилсан юм. Түүнчлэн дүрс бичлэгийн камерийг анх фонографтай холбож дүрс бичлэгт дууг холбож чадсан юм. Ингээд 1913 онд анх удаа кинонд дууг оруулах боломжийг Эдисон нээсэн юм.
Хувьлагч машин бүтээгдэхээс өмнө Эдисон цахилгаан үзэгийг зохиосон бөгөөд энэ яг л нэхмэлийн машин шиг тостой хавтанг цоолдог байлаа.
Зарим тохиолдолд түүний лабораторид тэнэг гэмээр ч зүйлс олон тааралддаг байв. Заримдаа кофе, өндөг, элсэн чихэр, сүү гэх мэтийг хольж турших явдал ч байдаг байв. Бүр цаашлаад халимны сахал, яст мэлхийн хуяг, зааны арьс, хүний үс гээд л бүгд байдаг болохоор зарим найз нь хошигнож Эдисоны агуулахад УИХ-н гишүүний нүдний цөцгий ч бий гэлцдэг байв.
Энэ бүх бодис үнэндээ бараг хэрэглэгдэдгүй байсан ч цөөн хэд нь хэрэг болсон нь байдаг. Ширэнгэ ойн самараар фонографын зүүг хийхэд хэрэглэсэн байна. Японы хулсыг гэрлийн чийдэнгийн улайсдаг утсыг хийхэд ашигласан юм.
1915 онд Эдисон зэсвэгт хүчний зөвлөлийн ерөнхийлөгчтэй уулзсан юм. Зэсвэгт хүчнийхэн цахилгаан нь зэвсэгийг хүчирхэг болгох боломжтой гэдэгт итгэж байв. Тэд өндөр дуу дугарахад дэлбэрдэг бөмбөг бүтээлгэхийг хүссэн юм. Харин Эдисон анхны цахилгаан торпедийг хийсэн юм. Эдисон конгрессийнхноос Зэвсэгт хүчний судлагааны лаборатори байгуулахыг хүсч 1920 онд анхны зэвсэгт хүчний судалгааны лаборатори байгуулсан юм.
Ийнхүү West Orange-д байсан Эдисоны лаборатори 40 жилийн хугацаанд хүмүүсийн амьдралд маш их нөлөөг үзүүлсэн билээ. Түүний хамгийн сүүлийн патент нь резинийг хиймэл аргаар гаргаж авах арга байсан юм. Цаашлаад Эдисоныг өнгөрснөөс хойш ч гэсэн 1931 он хүртэл түүний лаборатори нь бүтээл гаргасаар байсан юм.

Бүтэлгүйтэх бол байдаг л зүйл

Эдисон гамшиг тохиолдохыг суралцах боломж гэж үздэг байлаа. Нэгэн удаа түүний лабораторийн халаагч нь өвлийн тэсгим хүйтэнд эвдэрч орхив. Түүний улмаас үнэтэй маш олон химийн бодис нь хөлдөж байв. Бас нэгэн удаа түүний бодисууд нь нарны гэрэлд гэмтэж хэрэгцээгүй болж байв. Эдисон үүнд харамсах бус бүх төслөө орхиод хэрхэн шийдэх тухайгаа бодож эхлэдэг байв. Тиймээс энэ гамшигаас суралцаж гоо сайхны түрхлэгүүдийн зарим бодисуудыг сольж байсан юм.
Зарим түүхчид Эдисоны өөдрөг хандлагыг өөрийн эрч хүчтэй ааваасаа суралцсан гэж үздэг. Аав Сэм Эдисон нь хэзээ ч эрсдлээс айдаггүй байсан бөгөөд бизнес төслүүд нь нурах үед хэзээ ч бууж өгдөггүй байв. Энэ нь л Эдисоныг бүтэлгүйтэл бол байх л зүйл гэдэг бодолтой болгосон юм.





Эдисоны хувьд далай доор ажиллах цахилгаан мэдээ нь түүнд нэгэн том сорилт байсан бөгөөд энэ нь бүтэлгүйтсэн юм. Гэвч Эдисон атлантын далайг гатлах кабелийн зохиомжийг лабораторийн орчинд бүтээсэн юм. Харамсалтай нь лаборатори нь дэргэдэх замын хөдөлгөөнөөс болж төхөөрөмжүүд хэт их чичирсэн орчинд байсан тул эцсийн эцэст энэ төслийг зогсоосон юм.
Гэхдээ усан доорх цахилгаан мэдээний туршилтын ийнхүүй бүтэлгүйтэхэд хүргэсэн шалтгаан болох шуугианы чичиргээ, дууны долгион нь түүний телефон утасны туршилтыг амжилт олоход нөлөөлсөн юм. Түүний усан доорх цахилгаан мэдээний туршилтаас сурсан зүйлс нь телефон утсыг сайжруулахад Alexander Graham Bell-д тус болсон юм.

Эдисон эр хүнийхээ хувьд

Эдисон Mary Stilwell-тэй гэрлэсэн юм. Харин түүний эхнэр нь түүний шинжлэх ухааны лабораторт хань болох хүн биш болохыг ойлгоод сэтгэл дундуур байдаг байлаа. Гэрлээд сар ч болоогүй байхдаа 24 настай Эдисон тэмдэглэлийн дэвтэртээ “Миний хайрт эхнэр маань бүтээл хийж чаддаггүй нь харамсалтай” гэж бичсэн байдаг. 1884 онд Mary нас эцэслэсэн бөгөөд Эдисонд 3 жаахан хүүхэд үлдээсэн юм. 1886 онд Эдисон Mina Miller-тэй гэрлэж ахин 3 хүүхэдтэй болсон юм.
Эдисон 178см өндөртэй саарал нүдтэй, үсээ засаасай гэж харагдмаар урт үстэй эр байсан юм. Тэрээр хүчлийн толботой өмд, бохир гутал өмсөн явдаг байлаа. Түүний гар нь химийн бодисонд өнгө нь алдсан байлаа. Хожим нь тэр байнга хар өнгийн хувцас өмсөх болсон юм. Танихгүй хүмүүс түүнийг санваартан хэмээн андуурч хардаг байлаа.
Эдисон ажиллах өвчнөөр өвчилсөн нэгэн байв. Залхуурлыг тэрээр тэвчдэггүй байлаа. Тэр заримдаа долоо хоногт 112 цаг ажилладаг байлаа. Түүний өмнөх хойдох хоёр эхнэр нь хоёулаа түүнийг хамаг цагаа лабораторид өнгөрөөдөгт дургүйцдэг байлаа. Эдисон болон түүний лабораторийн хамтран ажиллагсад шөнө дөлөөр ч ажилласаар байдаг байсан юм. Заримдаа гэррүүгээ унтахаар явахын оронд лабораторитоо сандал дээрээ дуг хийдэг байв. Харин түүний хоёр дахь эхнэр Mina лабораторийн буланд нь зөөврийн эвхдэг ор бэлдэж өгсөн юм.
Эдисон бусад эрдэмтдээс юугаараа ялгаатай байсан гэхээр аливаа санааг бодит хэрэглээ болгон үр дүн гаргадаг байсан нь түүний гол яглгарах шинж байсан юм. Тэрээр “авъяас бол 1% нь эрмэлзлэл, 99% нь хөдөлмөр” гэж хэлэх дуртай байв.
Эдисон үнэндээ нэгхэн удаа л “Эврика” гэх учралтай таарсан юм. Тэр нь phonograph-ийг нээсэн явдал юм. Эдисоны толгойд агуу санаанууд аянга цахих адил гялалзан орж ирдэггүй байсан. Харин тэр аливаа асуудлыг шийдлийг тогтмол хайж, бодож олдог байв. Эдисон ердөө л зохион бүтээх дур сонирхолоор дүүрэн нэгэн байв. Тэрээр аливаа зүйлийг туршиж өөр хэчнээн боломж байж болохыг судалдаг байв.
Эдисон аливаа ер бусын гайхалтай зүйлд шимтэх дуртай байв. Жишээ нь түүний өдөр тутам ажлаа хийдэг лабораторийн газар дээр нь ер бусын үнэр гаргадаг шавьж байхыг олоод түүндээ маш нухацтай хандаж энэ тухайгаа нэрт эрдэмтэн Charles Darwin-д хүртэл захиа бичиж байсан юм.
Тэр нас ахих тусам сонсгол нь муудаж байв. Гэвч тэр суралцахаа хэзээ ч зогсоогоогүй юм. Байнгын судалгаанд шуурхай орж, санаануудаа туршилт болгож санаанд орсон бүхнээ тэр дор нь хийж үздэг байв. Зохион бүтээх арга, санаа тодорхой болмогц нарийвчилсан ажлыг бусдад үлдээж дараачийн ажилдаа ордог байлаа.
Эдисон зөрүүд гэдэгээрээ алдартай байв. Тэр хотын хүндэт иргэн байхдаа өөрийн бүтээлүүдээрээ хамгаалагдсан нэгэн болсон байв. Нэгэн түүхч Эдисон үйлдвэрлэлийн цех рүү гээ уурлаж бичсэн захиаг олсон юм. Түүний цилиндр тосон phonograph-ийг нэгэн залуу ажилчин нь хурдыг нэмэн хөгжмийг хурдан болгож байгааг мэдээд түүнд “би ийм зүйлийг хүсэхгүй байна бас ийм зүйлтэй баймааргүй байна” хэмээн бичиж дахин ийм байдлыг давтуулахгүйн тулд ажилчиддаа phonograph-ийн хурдыг хянахыг үүрэг болгож байжээ.
Эдисон 84 настайдаа 1931 оны 10 сарын 18-ны нэгэн нартай Ням гарагийн өглөө насан өөд болсон юм. Тэр насан өөд болох хүртээ туршилтуудаа хийсээр л байсан юм. Түүний нас барснаас 3 хоногийн дараа 1931 оны 10 сарын 21-ны өдөр Америкийн нэгдсэн улс даяар цахилгаан гэрэлийг 1 хором унтрааж эмгэнэл илэрхийлж байсан юм. Эдисон болон түүний эхнэр Mina нарыг түүний төрсөн нутагт нь оршуулсан юм.
Эдисон бол ардын баатар, домогт эр байсан билээ. Түүний бүтээлүүд нь орчин үеийн нийгмийг цогцлоон бүтээхэд гүн нөлөөллийг үзүүлсэн юм. Зарим хүмүүс түүнийг ганцаараа 20-р зууныг бүтээсэн гэж хэлэх нь ч байдаг.

Шилдэг бизнесмэн

Зохион бүтээгчдийг кино зохиолд дүрслэхдээ голдуу ганцаараа лабораторит зожигрон ажилласан шаргуу, гоц сэтгэгч төрлийн хүмүүсийг харуулдаг. Харин Эдисон бол ийм төрлийн зохион бүтээгч байгаагүй юм. Түүний хувьд багийн ажиллагаа түүний амжилтын маш чухал хэсэг нь байсан юм. Тэр өөрийгөө 6 юмуу түүнээс олон туслахаар өөрийгөө хүрээлүүлэн ажилладаг байлаа. Түүний туслахуудын зарим нь механикч байхад зарим нь цахилгаанчин байдаг байлаа. Түүний хувьд хүмүүсийнх нь суурь боловсрол нь чухал бус авъяас нь илүү чухал байдаг байлаа. Эдисон хүмүүсийг сонгохдоо тухайн сэдэвийн талаар өөрөөс нь илүү мэдэж байна гэж үзсэн хүмүүсийг сонгодог байлаа. Эдисон харин өөрийгөө математикт сайн гэж хэзээ ч бодож байгаагүй юм.
Эдисон хүмүүсийг бүтээлч болох, зохион бүтээх сэтгэл эрмэлзлэлийг бий болгон удирдах авъяастай нэгэн байсан юм. Тэр хүн бүрийг төрөл бүрийн санаа, диаграмыг бичиж тэмдэглэх зурах явдалд нь урам хайрлан ажилладаг байсан юм. Гайхалтай санаануудыг төслийн туршигч эхлэн хийдэг байлаа. Дараа нь багаараа түүн дээр нь хамтран ажилладаг байв. Аливаа бүтээлийнх нь хувьд хэн нэгэн хүнийг дангаар нь зохиогч гэж хэлэхэд хэцүү байсан юм.
Тэр бол гайхалтай судлаачийн зэрэгцээ гайхалтай businessman байсан юм. Эдисон New York хотын гудамыг цахилгаан кабелиар сүлжихийг хүсч байлаа. Ингээд хотын захиргааны бүх гишүүдийг Menlo Park-даа урьсан юм. Хотын захиргааны гишүүд харанхуйд нарийхан шатаар хоолны заал руу өгсөн тэмтчин байх мөчид Эдисон алгаа таштал цахилгаан гэрэлүүд гэрэлтэн түүний хоолны заал нь New York хотын хамгийн гайхамшигтай ресторан болон хувирсан юм.
Эдисон болон түүний хамтрагчид нь бүтээлээ зохиогоод эцсийн бүтээгдэхүүнийг хийдэг байлаа. Энэ нь тухайн үедээ байгаагүй бизнес загвар байсан юм. Орчин үед Эдисоны энэ бизнес загварыг хуулбарлан хэрэглэж байгаа олон бизнесүүд байсаар байна.

Эдисоны мэддэг байсан бусад суут хүмүүс

Henry Ford түүний лабораторит ажилладаг байлаа. Хожим нь Henry өөрийн үйлдвэрийг байгуулж Ford машинуудыг үйлдвэрлэж эхлэсэн юм.
Harvery Firestone, Henry Ford нар түүнээс машины дугуйнд зориулсан сайн чанарын резин хийх талаар асууж тэд хамтдаа Florida-д каучук ургуулж байсан юм.
Эдисон George Eastman-тай хамтран дүрс бичлэгийн камерын хальс хийж байсан юм. Хожим нь Eastman нь Kodak-тай нягт хамтран ажилласан түнш нь болсон юм.

Эдисоны музей

  • Түүний төрсөн гэр. Ohio мужийн Milan дахь байшин нь 1947 онд сэргээгдэн музей болсон юм.
  • Menlo Park. Michigan мужийн Dearborn-д Menlo Park-ийг 1929 оны орчим Henry Ford том музей болгон хувиргасан юм.
  • Эдисоны гэр. Түүний гэрийг Glenmont гэж нэрлэдэг байлаа. Энэ нь 1880 онд New Jersey мужийн Llebellyn Park-д баригдсан байшин юм. Энэ байшин нь West Orange лабораториос хагас милийн зайтай байсан юм. 29 өрөөтэй байшинг Эдисон болон түүний эхнэр Mina нарын хэрэглэж байсан оригиналь зүйлс, тавилга нь одоо ч байдаг юм.
  • West Orange лаборатори. Эрх чөлөөний хөшөө, Ellis аралын түүхт хөшөө дурсгалууд, Morristown-ий үндэсний түүхт цэцэрлэгт хүрээлэнгүүд нь 20 хүрэхгүй миль дотор оршдог. 1956 онд ерөнхийлөгч Eisenhower New Jersey дахь West Orange лабораторийг үндэсний дурсгалт газар болгосон юм. 1962 онд Эдисоны гэр болон West Orange лабораториудыг Эдисоны Дурсгалт Газар хэмээн нэрлэж үндэсний түүхэн дурсгалт музей болгосон юм.

Эдисоны Дурсгалт Газар

Эдисон бүх л зүйлийг хадгалж хамгаалдаг байв. 1950 оны сүүл 1960 оны эхээр Эдисоны бизнес болон түүний өв залгамжлагчид түүнд хамаарах зүйлсийг Эдисоны дурсгалт газарт хандивласан юм. Энэхүү музей нь Томас Эдисоны 60 жилийнх нь зохион бүтээгч, үйлдвэрлэгч, бизнесмэн, хүндэт иргэнийх нь түүхийг харуулсан байдаг. Энд түүний phonograph-с эхлээд хамгийн анхны бүтээлүүд нь бүгд л байдаг билээ. Түүний энэ дурсгалт газар нь 15 миль үргэлжилдэг бөгөөд одоо баруун New York хотод байдаг байна. Хаяг нь: Edison National Historic Site Main Street and Lakeside Avenue West Orange, NJ 07052
Хэрэв та Америкт байгаа бол заавал очиж үзэх үзмэрийн нэг гэж бодож байна.
Энэхүү цуглуулгын хэмжээ нь үнэхээр санаанд оромгүй билээ. 400,000 мянган зүйлс байдаг. Эдисон болон түүний хамтрагчдын бичсэн баримтууд (лабораторийн тэмдэглэлийн дэвтэр, наалтууд, хар зурагууд) 5 сая орчим байдаг.
Түүнчлэн хамгийн анхны кино театр болгон барьж байсан байшингийн хуулбарыг энд үзэх боломжтой. Эдисон энэ кино театрийг “Хар Мария” гэж нэрлэж байсан нь үүнийг хар цаасаар хийсэнд байсан юм.

Эдисоны цаасны төсөл

Эдисоны зохион бүтээсэн зүйлс бүр маш дэлгэрэнгүйгээр бичигдэн үлдсэн байдаг нь 3,500 орчим зүйлс байдаг. Эдгээрийг бичсэн тэмдэглэлүүд нь лабораторийн протоколиуд, ноорог зураг, патент хүссэн өргөдөл, загварын гэрэл зураг гэх мэт бүх л зүйлсийг агуулсан байдаг. Энэ нь Эдисоны зохион бүтээх процессын эхнээс нь буюу анхны санаа бодлоос эхлээд туршилт, эцэст масс үйлдвэрлэл хүртэлх бүх зүйлсийг тэмдэглэн үлдээх гайхамшигтай чадварыг харуулдаг.
1978 онд найман түүхч Эдисоны тэмдэглэл, баримтууд, хайчилбар, хананы наалт гээд бүгдийг судлахыг хүсчээ. Эдгээр найман түүхч нь Эдисоныг өнгөрснөөс хойш анх удаа ийм судалгааг эхлүүлсэн түүхчид байв. Тэдэнд тэнд сая орчим баримтууд байгаа гэж байсан тул эдгээрийг хальсанд буулгахад 10 жил шаардагдана гэж үзэж байв. Ингээд энэ ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнийг “Эдисоны цаасны төсөл” гэж нэрлэсэн юм.
Гэвч тоос шороотой замбараагүй цаасууд нь замбараагүй, маш олон нь түүнийг өнгөрснөөс хойш хэн ч гар хүрээгүй байв. Түүхчид өрөөнөөс өрөө рүү явж шүүгээ бүрийг уудлаж байлаа. Ердөө эдгээр цаасуудыг цуглуулахад бүтэн жил зарцуулсан юм.
Ингээд тэд 4-с 5 сая хуудас цааснуудыг олсон юм. Ингээд энэ баг 18 жил ажилласан бөгөөд одоо ч тэд дуусаагүй ажилласаар байгаа юм. Одоо тэд Эдисоны цаасуудыг компьютерт оруулах ажлыг хийж байна. Магадгүй тэд дахиад 10 жил зарцуулах юм.
Эдисон маш олон зүйлийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний санаанд орсон таамаг, төсөөлөлүүд ихээр бичигдсэн байдаг. Хуудсуудыг төрөл бүрийн цэцэгүүдээр чимэглэн гараараа зурсан ч байдаг. Түүнчлэн шүлэг зохиолуудыг ч бичсэн байдаг. Ер нь л юу л бодно түүнийгээ бүгдийг бичиж байдаг байжээ.
1871 онд далавчтай нисдэг машин хийж болно гэж төсөөлсөн байдаг. Энэ нь анхны ийм машин буюу онгоцыг ах дүү Wright нар хийхээс 30 жилийн өмнө байсан юм. Эдисоны нисдэг машин дахиж нэг ч дурдагдаагүй байсан юм. Эдисон нэг өглөөний 5 цагт телефоны төгс болтол сайжрууллаа гэж бичсэн байдаг ч дараа нь тэрээр дамжуулалт дээр олон сайжруулалт хийсэн байдаг

Эдисон яагаад суу билгэтэн байв?

  • Эдисон шаргуу хөдөлмөр, тодорхой байдалд итгэдэг байв.
  • Ажлын зуршил. Заримдаа тэрээр хоногт 20 цаг ажилладаг байв.
  • Тэрээр хүмүүсийг хамт ажиллуулахдаа гаргууд байж зохион бүтээх багийг байгуулж чаддаг байв.
  • Тэр маш олон ялгаатай хүмүүстэй учир шалтгааныг тодруулан ажиллаж чаддаг байв.
  • Тэр ажилчдынхаа бүтээлч байдлыг өдөөж урамшуулж чаддаг байв.
  • Тэр өрсөлдөгчдийгөө юун дээр ажиллаж байгаа талаар маш ихийг мэддэг байв.
  • Тэр өөр хэд хэдэн хүмүүсийн оролдож үзэж байсан бүтээл дээр хэзээ ч ажилладаггүй байв.
  • Түүний нэгэн маш агуу хүч чадал нь тэрээр хэзээ ч юунд ч бууж өгдөггүй байв. Энэ санаа нь түүний нэгэн алдарт үгэнд нь шингэсэн байдаг. “Бүтээл гэдэг 99 хувийн хөдөлмөр 1 хувийн онгод” гэсэн байдаг.
  • Бүтэлгүйтэл түүнийг хэзээ ч зогсоож байгаагүй юм. Туршилт нь амжилтгүй боллоо гээд түүний урам ерөөсөө хугардаггүй байв. Бүтэлгүйтсэн туршилт нь түүнийг өөр талаас нь бодоход чиглүүлдэг байв.
  • Тэрээр асуудлыг шийдэж чаддаг, бүтэлгүйтлээсээ суралцаж чаддаг байв.
  • Өөдрөг үзэлтэй нэгэн байв. Ямар ч бүтэлгүйтлийг тэрээр амжилт гэж авч үздэг байв. Үүний нэг жишээ нь гэхэд зай хураагуур хийх гэж арван мянган удаа бүтэлгүйтэж байснаар нь харагддаг. Харин үүнийг Эдисон дүгнэхдээ “Яагаад би бүтэлгүйтээгүй вэ гэхээр болдоггүй арван мянган тохиолдлыг мэдсэнд байгаа юм” гэж хэлсэн байдаг.
  • Эдисон гэртээ суралцаж өөрийгөө боловсруулсан нэгэн байв. Тэр боловсролыг зөвхөн өөрийн ухамсар хариуцлагаар сурсан. Тэр тэвчээртэй байх, ном уншихын чухлыг сурсан байдаг. Тэр бусдаас суралцахыг сурсан байв. Тэр шинжлэх ухааныг зугаа гэж үздэг байв. Тэр боловсрол гэдэг бол хүний бүхий л амьрдалын турш үргэлжлэх явдал гэдэгт суралцсан байв.

6/01/2011

Thomas Alva Edison (2-р хэсэг)

Fluxus индианууд

Эдисон залуу байх үедээ Port Huron-ий номын сангийн нэг хайрцаг дотороос нэгэн домогт индианчуудын тухай баримтуудыг олжээ. Тэдгээр нь хойд Америкад нэгэн цагт амьдарч байсан Fluxus гэх маш ихийг зохион бүтээдэг индиан аймагийн тухай байсан бөгөөд эндээс Эдисон олон санааг олж сурсан гэдэг. Энд Эдисоний зохион бүтээсэн олон зүйлсийн санааг бүгдийг нь жагсаасан байсан бөгөөд гэрэлийн чийдэн, хувилах машин, дуу бичигч, дүрс бичигч камер болон проектор, телевиз гээд олон зүйлийг санааг олж авчээ. Гэхдээ энэ баримт нь үнэндээ зөгнөлт таамаглалууд байсан ба Fluxus гэсэн ямар ч бодит индиан аймаг байгаагүй юм.

Бусад ажлууд

20 нас дөхөж байх үедээ Эдисон АНУ эргэн ирж телеграф мэдээ дамжуулагч явуулын оператораар ажилладаг байв. Энэ үедээ баруун Америкт хотоос хот хооронд дамжин явдаг байлаа.
Тэр төмөр замын орчинд олон ажил хийж байсан бөгөөд мөн сониний хэвлэх, машин тоног төхөөрөмжийн дэлгүүр, үнэт эдлэлийн дэлгүүр, цахилгаан холбооны салбар, цаг засвар гээд төрөл бүрийн газар ажиллаж хэвлэх төхөөрөмжүүд, цахилгаан холбооны олон төрлийн төхөөрөмжүүдийг бүгдийг л туршиж үзэж байв.
Ингээд шилдэг цахилгаан холбоочин болж мэргэшив. Цахилгаан холбоогоор мэргэших тусмаа улам мэргэшин лавшруулан сурахыг хүсдэг байлаа. Цахилгаан холбооны тоног төхөөрөмжийг бүрэн задлаж буцааж угсарч бүх ажиллагааг нь ухаж ойлгож байв.
Тэр хуучин номын дэлгүүрээр тогтмол очиж химийн чиглэлийн номыг Лондон, Парисаас захидаг байлаа. Ингээд өөрийн түрээсний өрөөгөө элдэв химийн бодис, хаягдал төмөрөөр дүүргэж туршилтдаа ашигладаг байв. Өөрт байгаа бүх л мөнгөөрөө шинжлэх ухааны ном, туршилтын материал авч хувцас хунарт мөнгө заралгүй явж нэгэн удаагийн өвлийг өвлийн хувцасгүй давж байв.

Хамгийн анхны мөнгө олсон бүтээл

Эдисон 21 настайдаа Бостонд шөнийн ээлжийн мэргэшсэн цахилгаан холбоочны ажилд оржээ. Өдөр бараг унталгүй өдөр шөнөгүй ажиллан хөдөлмөрлөж цахилгаан холбооны машиныг хэрхэн сайжруулах туршилтыг өдөр шөнөгүй хийдэг байлаа.
Эдисон цахилгаан холбооны машиныг нэг утсаар олон мессежийг зэрэг давхар дамжуулах туршилтуудыг хийж байлаа. Удалгүй тэр найзаасаа мөнгө зээлж ажлаасаа гараад бүх цагаа туршилтын ажилдаа зориулж эхлэв.
Түүний хамгийн анхны зарах гэж оролдсон бүтээл санал хураах цахилгаан машин байв. Энэ нь саналыг хурдан бөгөөд зөв цуглуулах боломжийг олгож байсан хэдий ч үүнийг хэн ч худалдаж аваагүй юм. Гэхдээ энэ бүтээл нь өнөөдөр хууль, шүүхэд санал хураахад эдүгээ ашиглагдаж байна.
Ингээд тэр 1869 онд Newyork хотруу шилжиж ирсэн байна. Түүнд ямар ч мөнгө байсангүй. Харин түүний найз нь Wall street-н одвалд байрлах албан өрөөндөө хонох боломжийг олгож байв.
Эдисон хөрөнгийн биржийн мэдээ дамжуулагч төхөөрөмжийг судлаж байв. Энэ нь морз кодоор мэдээ дамжуулагч машин байв. Эдисон биржийн мэдээ дамжуулагч эвдэрхий машиныг нэгэн удаа маш сайн зассан тул энэ машиныг эзэмшигчид түүнийг ажилтнаар авсан байна. Жилийн дотор харин Эдисон биржийн мэдээг хэвлэгч машиныг бүтээсэн бөгөөд үүнийхээ эрхийг заржээ. Тэрээр 4.000 доллараар зарна гэж бодож байтал үнэндээ 40.000 доллараар зарагдсан байна.
Ингээд энэ бүх мөнгөөрөө New Jersey-н Newark-д өөрийн бизнесийн эхлэсэн байна. Тэрээр биржийн мэдээ дамжуулагч машинууд болон цахилгаан мэдээг хэвлэгч машинуудыг үйлдвэрлэж байв. Түүнчлэн эндээ бичгийн машинуудыг сайжруулан хурдан бичих боломжтой болгож байв.

Menlo цэцэрлэгт хүрээлэн - 1876

Эдисон харин тааруухан санхүүгийн менежер байв. Үүнээсээ ч болоод өөрийн бизнесээ амжилттай удирдаж чадалгүй 6 жилийн дараа гэхэд санхүүгийн асуудалд орж өөрийн ааваасаа шинэ зохион бүтээх үйлдвэр байгуулахад санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсчээ.
Ингээд 1876 онд өөрийн хоёр бизнес найзуудын хамтаар Menlo цэцэрлэгт хүрээлэнд өөрийн шинэ лабораторио байгуулав. Энэ удаад харин тэрээр зөвхөн бүтээх ажилд бүх анхаарлаа хандуулж байв. Эдисон бизнесийн хамтрагчиддаа 10 хоног тутамд жижиг нээлт, 6 сар тутамд том нээлт хийнэ гэж өөртөө болон бизнес хамтрагчиддаа амлав. Түүнчлэн нээлт, зохион бүтээлийн захиалга авахаа ч хэлж байв.
1876 онд шинэ байшинд үйлдвэрээ оруулан ажиллаж эхэлсэн бөгөөд хамгийн анхны бүтээл нь телефон утсыг сайжруулсан явдал байв. Энэ сайжруулалтаас өмнө утсаар ярихын тулд хүмүүс хашгирч ярьдаг байсан юм.
Энэ л үйлдвэртээ тэрээр өөрийн хамгийн агуу амжуултдаа хүрсэн билээ. Тун удалгүй тэр 40 өөр төсөл зэрэг хэрэгжүүлдэг болж эхлэв. Жил бүр 400 патент авахаар өргөдөл өгдөг болжээ. Түүний санаанууд нь зарим нь амьдралд хэрэгжихүйц байсан бол зарим нь солиотой хүнийх шиг ч санаанууд олон байв.
Menlo цэцэрлэгт хүрээлэнд Эдисон ингээд 10 жил ажилласан юм.

Эдисоны цахилгаан гэрэлийн компани - 1876

Эдисон Newyork-н тэргүүн баячууд болох J.P.Morgan, Vanderbilts нартай бизнесийн хамтрагчид болсон бөгөөд тэд хамтдаа цахилгаан гэрэлийн компанийг хамтдаа байгуулжээ. Үнэндээ энэ компанийг цахилгаан гэрэлийн чийдэнг ч нээхээсээ өмнө байгуулсан байна. Гэвч одоо энэ компани нь бидний мэдэх “General Electric” компани болон хүчирхэгжсэн билээ.

Фонограф - 1877

Фонограф бол Эдисон хувьд өөрийн нь хамгийн эрхэмлэдэг бүтээлүүдийнх нь нэг юм. Тэр цахилгаан мэдээ, телефон утасан дээр ажиллаж байх үедээ санамсаргүй байдлаар дугарч ярьдаг машиныг бүтээчихжээ. Түүний хамгийн анх бичсэн үг нь “Mary had a little lamb” гэсэн үг байлаа. Тэр 30 настай байсан бөгөөд ярьдаг машиныхаа анхны патентыг 1878 онд авсан юм. 1878-1880 онд тугалган цаасаар хийсэн эхний ярьдаг машинууд нийтэд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 10-200$-н үнэтэй байв. Түүний хар лаваар хийгдсэн цилиндр машинууд нь 1888 он хүртэл гараагүй бөгөөд түрээс байдлаар борлуулагдаж байв.
Эдисон тугалган цаасан фонографыг “ярьдаг машин”, “дуу бичигч” гэж нэрлэж байжээ. Энэ нь байгаа технологийг сайжруулах байдлаар хийгдсэн бус цоо шинэ нээлт байсан юм. Эдисон нээж бүтээхээр төлөвлөн ажиллаж байгаагүй. Мөн үүнийг санамсаргүй байдлаар тохиолдлоор нээсэн юм. Тэр цахилгаан мэдээг автоматаар бичиж авах аргыг судлаж байгаад тохиолдлоор дуу бичих аргыг нээсэн байна. Ингээд цааш цилиндр болон пянз хэлбэртэй дуу бичих төхөөрөмжийг олон жилийн туршид шинэчлэн бүтээж ажилласаар байсан бөгөөд 40 жилийн хойно 1920 онд мөн патент авсан байна. Фонограф нь Эдисоны хувьд хамгийн урт хугацаанд сонирхон ажиллаж байсан бүтээл нь байсан юм.

Цахилгаан гэрэлийн нээлт - 1879

Эрдэмтэд цахилгаан гэрэлийг бүтээхээр олон жил хөдөлмөрлөж байлаа. Гэвч буцаж лаан гэрэл болон шатдаг хийн гэрэлийг ашиглаж байв. Гэвч шатдаг хийн гэрэл нь үнэртэй, утаатай хэрэглэхэд зохимжгүй байв. Хоёр жилийн дараагаар тэрээр өөрийн шинэ лабораторийг байгуулсан дараагаараа Эдисон аюулгүй, хямдхан, хэрэглэхэд тухтай байх цахилгаан гэрэлийг бүтээхээр идэвхийлэн ажиллаж эхэлсэн юм.
Цахилгаан дамжуулахад сайн гэрэл гаргаж улайсах утасыг Эдисон хайсан юм. Тэр хүмүүсийг Амазоны шугуй, Японы ой руу явуулж зөв улайсах утсыг хайлгаж байлаа. Тэрээр 6,000-с олон ургамлуудыг туршжээ. (baywood, boxwood, hickory, cedar, flax, хулс)
40,000$ зарцуулж 1,200 орчим туршилт хийсний эцэст амжилт олж чадсан юм. Тэр нүүрстөрөгчжүүлсэн хөвөн даавуугаар цахилгаан гэрэлийн утсыг хийжээ. Тэр утас энгийн нэхмэлийн хөвөн даавууг үнс болтол шатаасан байсан бөгөөд түүнийгээ нүүрстөрөгжүүлсэн байжээ. Үүгээр хийсэн цахилгаан гэрэл 2 бүтэн өдөр ассан юм. Түүний хийсэн олон төрлийн судалгааны хувьд цахилгаан гэрэлийн туршилт судалгаа нь хамгийн их цаг зарцуулсан, хамгийн төвөгтэй туршилтуудыг хийсэн нь байсан юм.
Menlo цэцэрглэгт хүрээлэнд эрдэмдэт олон төрлийн гэрэлийг асааж унтрааж байсан юм. Энэ нь дэлхийд цоо шинэ зүйл байлаа. Түүний анхны цахилгаан чийдэнгүүд нь уурын хөлөг онгоц “Columbia”-д суурьлуулагдан хэрэглэгдэж байсан бөгөөд яваандаа Newyork хотын үйлдвэрт нэвтрүүлэгдсэн юм.

Дэлхийн анхны цахилгаан станц - 1882

Эдисон олон цахилгаан чийдэнг гэрэлтэн асч байх тэжээлээр хангах “цахилгаан чийдэнгийн хүчдэлийн станц”-ийг Manhattan уулын бэлд байгуулсан нь дэлхийд анх удаа байсан юм. Түүний буянд цахилгаан гэрэлийг анх хэрэглэсэн хот нь Newyork байсан юм. Эдисоны цахилгаан гэрэлийн компани нь айл өрх рүү цахилгаан тэжээл болоод лампыг түгээж байлаа.

Эдисоний нөлөө - 1883

Эдисоны олон инженерүүдийн нэг William J.Hammer нэгэн нээлт хийсэн нь хожмоо цахим цацрагт хоолой болсон юм. Харин цахим цацрагт хоолой нь хожмоо цахим салбарын эх үндэс болсон билээ. Цахим гэдэг нь цахилгааны салбар шинжлэх ухаан болохыг өнөөгийн бид мэднэ. Мэдээж хэрэг цахим салбаргүйгээр бид өнөөдөр телевиз, компьютер, CD, гар утас гэх мэт зүйлгүй байх билээ. Харин энэ нээлт нь “Эдисоны нөлөө” гэсэн нэрээр батлагдсан юм. Өөрөөр хэлбэл алтны хажуу дахь гууль шаралдаг шүү гэдэг утгыг шингээн энэхүү патентыг “Эдисоны нөлөө” гэж нэрлэсэн нь түүний буян шүү гэдэгийг илтгэсэн нэршил байсан юм.

Menlo цэцэрлэгт хүрээлэнгийн шидтэн

Эдисоныг хүмүүс “Menlo цэцэрлэгт хүрээлэнгийн шидтэн” хэмээн хүндэтгэдэг байв. Эдисон бусдын анзаараагүй боломжийг олж хардаг байсан нь тэрээр байнгын суралцагч бөгөөд судлаач байсных юм. Тэр 30-с 40 настай байхдаа гэрэл зурагийн дурангийн талаарх хөгжил дэвшлийн талаар байнга уншдаг байлаа. Энэ нь түүнийг дүрс бичлэгийн камерийг зохион бүтээхэд нь чухал тус дэм болсон юм.

3/08/2011

Thomas Alva Edison (1-р хэсэг)

За блогоо сэргээедээ... Эхлээд нэгэн агуу хүний түүхийг бичье гэж бодоод эхлэлийн хэсгийг нь орууллаа. Дараа үргэлжлэлийг нь оруулж улмаар хувийн бяцхан дүгнэлт оруулах болно. Зан ингээд Эдисоны тухай 1-р хэсэг

------------------------------------------------------------------------

Томас Алва Эдисон (Thomas Alva Edison) нь ертөнцийн үнэнхүү агуу зохион бүтээгчдийн нэг билээ. Түүний бүтээлүүд нь орчин үеийн хэрэглээнд: шөнийн чимэглэлийн гэрэл, кино, утас холбоо, бичлэг, CD гээд л олон зүйлд шингэсэн байдаг.

Анхны гэрэлийн чийдэн (ламп)-г хийсэн нь түүний хамгийн түгсэн бүтээлийн нэг юм. Түүнийг төрөхөд цахилгаан хэрэглэдэггүй байсан бол насан эцэс болох үед хотууд бүхлээрээ цахилгааныг хэрэглэж байсанд Эдисоны оруулсан хувь нэмэр голлох үүрэгтэй.
Телефон утас гэх мэт түүний зарим бүтээл нь өөр бүтээлийг сайжруулсан байдаг бол гэрлийн чийдэн, прожектор зэрэг зарим бүтээлүүд нь цоо шинээр бодон гаргасан бүтээлүүд байжээ. Фонограф (пянз тоглуулагч болон пянзанд авиа бичигч гэж энгийнээр хэлье) гэх мэт санамсаргүйгээр олж нээсэн бүтээлүүд ч байдаг. Эдисон өөрөө бол бүтээлүүд дотороосоо фонографаараа хамгийн их бахархдаг байжээ.
Эдисон өнөөдрийн бидний нийгмийг өөрчилсөн олон бүтээлүүдийг хийсний заримыг нь цэвэр өөрөө нээсэн бол заримыг бусадтай хамтран нээсэн байдаг. Өнөөдөр түүний олон бүтээлийг ямар нэг дам байдлаар хүн бүр хэрэглэсээр байдаг. Эдисон өөрийн бүхий л амьдралынхаа турш жирийн хэн ч хэрэглэж болох бүтээлийг хийхийг зорьж ажиллаж иржээ.
Эдисон дэлхийд анх удаа зөвхөн “зохион бүтээх” ажлыг хийдэг үйлдвэрийг нээсэн юм. Энд тэр нөхдийнхөө хамтаар шинэ шинэ бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээж байсан нь цоо шинэ бизнесын төрөл байсан юм. Өнөөдөр ч Эдисоны энэхүү зохион бүтээх үйлдвэрийн зохиомжийг олон бизнесүүд хуулж хэрэглэдэг.
Эдисоноос түүний нэгэн бизнес хамтрагч нь бизнесийнх нь амжилтын талаар асуухад: “Авъяас гэдэг шаргуу хөдөлмөр, уйгагүй чанар, жирийн мэдрэмж” гэж хэлсэн гэдэг. Гэвч Эдисоны өөрийн нь жирийн мэдрэмж нь эгэл бус байжээ. Эдисоны нэрээр бүртгүүлсэн патентын тоо нь Америкийн түүхэнд хувь хүний амжилтаар одоо ч ноёлсоор байна.

Бага нас

Эдисон 1847 оны 2 сарын 11-нд АНУ-н Охайо дүүрэгийн Милан хотод төржээ. Эдисон аав Самуэль Эдисон, ээж Нэнси Элиот Эдисон нарын 7 дахь буюу отгон хүүхэд болон мэндэлжээ. Түүний ээж аав нь механик болон техникийн ямар нэг мэргэшилгүй байжээ. Ээж нь сургуулийн эгэл нэгэн багш байсан бол аав нь харин худалдаачин хүн байсан бөгөөд ногооны мухлагаас авахуулаад үл хөдлөх хөрөнгийн наймаа хүртэл төрөл бүрийн худалдаа наймаа хийдэг байлаа.
Томас Эдисоныг 7 настай байхад түүний гэр нь Мичиган дүүрэгийн Порт Хюүрон хотруу нүүжээ.
Эдисон багадаа маш сониуч, маш их асуулт асуудаг хүүхэд байсан байна.

Боловсрол

Эдисон Порт Хүрон хотын бусад хүүхдүүдийн нэгэж ижилээр 7 настайдаа сургуульд элсэн оржээ. Түүний багш Реверэнд Ж.Б Энгль нь Эдисоныг маанаг сурагч байна гэж бодож байжээ. Ялангуяа Эдисон математикийн хичээлд дургүй байв. Дээрээс нь элдэв олон асуулт асуудаг байж. Харин түүний багш нь олон асуулт асуудаг хүүхдэд дургүй байв. Сургууль эхэлснээс 3 сарын дараа багш нь Эдисоныг дуудан загнаж муудалцсан бөгөөд Эдисон гэртээ ирж энэ талаар сүр дуулиан болж улмаар дараагийн өдөр нь ээж нь хамт сургууль дээр нь ирж багштай нь уулзжээ. Гэвч байдал улам муугаар эргэж багш нь Эдисоныг сурч чаддаггүй гэсэн яриа болж багшийн энэ байдалд эгдүүцсэн ээж нь түүнтэй ам мурийв. Ингээд ээж нь түүнийг сургуулиас нь гаргаж гэрээр сургах болжээ. Энэ явдлаас хойш 2 ч удаа сургуульд явсан боловч аль нь ч олигтой амжилтанд хүрээгүй юм. Иймээс түүний хүүхэд насны сургууль нь үндсэндүү гэр нь байжээ.

Эдисон унших дуртай байсан

Эдисоны эцэг эх нь хоёулаа унших дуртай хүмүүс байжээ. Тиймээс эцэг эх нь түүнд сайн уран зохиол болон түүхийн бүтээлүүдийг уншиж өгдөг байв. Залуу хөвүүн Эдисон шунан дурлахуйц маш олон ном тэднийд байдаг байв. 12 нас хүрээгүй байхдаа Дикенс, Шекспир гэх мэт алдарт зохиолууд, Эдвард Гиббонсын Ромын эзэнт гүрний мөхөл зэрэг олон зохиолуудыг амтархан уншдаг байв.
Түүний ээж нь сониуч хүүгээ өөрөө бие даан суралцахыг нь ихэд дэмждэг байлаа. Түүний ээж аав нь хүүдээ хичээл заахад анхаарч хүүгийнхээ сурахыг хүсэхгүй байгаа зүйлийг нь заадаггүй байв. Тиймээс тэр өөртөө илүү сонирхолтой байгаа зүйлийг л сурдаг байлаа. Эдисоныг 9 настай байхад нь ээж нь түүнд шинжлэх ухааны хялбар ном авч өгчээ. Энэ номонд химийн туршилтыг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар тайлбарласан байв. Эдисон номон дахь бүх туршилтыг хийж эхэлжээ. Ээж нь энэ сонирхолын дагууд нь шинжлэх ухааны өшөө олон номууд авч өгч байлаа. Эдисон улмаар химид маш дур сонирхолтой болж өөрт олдсон мөнгө бүрээ эмийн дэлгүүрээс химийн бодис авахад зарцуулдаг болж эхэлжээ. Тэрээр шилэн лонх, төмөр утас гэх мэт туршлаганд шаардлагатай элдэв зүйлийг цуглуулах болжээ.
Ингээд 10 настайдаа тэрээр гэрийнхээ подвалд өөрийнхөө анхны туршилтын лабораторио нээжээ. Харин аав нь түүнийг подвалд хамаг цагаа өнгөрөөхийг зөвшөөрдөггүй байлаа. Аав нь бүр подвалд цаг өнгөрөөхөө больж ном уншихаар бол мөнгө өгөх санал хүртэл тавьдаг байв. Гэтэл Эдисон өгсөн мөнгийг нь химийн бодисууд авч лабораторидаа цагийг өнгөрөөсөөр байв. Тэрээр химийн бодистой бүх лонхон дээрээ “Хор” хэмээн бичдэг байв.

Эхний ажил

Эдисон 12 насандаа Гранд Транк төмөр замд төмөр замчин хүүгээр ажилд оржээ. Вагон түүний амьдарч байсан Порт Хюроноос Детройт хүрээд буцаад ирэх ээлжийг өдөр бүр хийдэг байв. Эдисон энэ ээлжийн туршид сонин болон чихэр борлуулах ажлыг хийдэг байжээ. Мөн үүнийг зэрэгцээ долоо хоног тутамын Weekly Herald сонинг хэвлэх ажлыг хийдэг байв. Ингээд авсан цалингаар бүгдийг ном болон өөрийн химийн лабораторитоо шинэ багаж төхөөрөмж авахад зориулдаг байжээ.
Ингээд жил ажилласны эцэст өөрийн химийн лабораторийг вагоны ачааны хэсэгт авч ирэх зөвшөөрөл авсны үр дүнд Детройт дээр 5 цаг зогсох хугацаанд туршилтаа хийх боломжоор хангагджээ. Гэвч харамсалтай нь нэг удаагийн вагоны сэгсрэлтэд бодисууд нь асгарч улмаар гал гарчээ. Үүний улмаас тэр өөрийн лабораторийн хамтаар ажлаасаа хөөгдөв. Гэвч тэр сонин зарах ажлаа вагоны өртөөнүүд дээгүүр үргэлжлүүлсээр байжээ.

Чихний асуудал

Тэр вагон руу үсэрч суух гэж байхад нь кондуктор түүнийг татах гээд чихнээс нь татаж орхиж. Яг л толгой дотороос нь ямар нэг зүйл сугалаад авах мэт болж түүнээс хойш сонсгол муутай болсон аж. Хагалгаагаар эмчлэгдэх боломжтой байсан боловч өөрөө татгалзаж дүлий байх явдал нь анхаарал төвлөрүүхэд сайн талтай хэмээдэг байжээ.
Нэлээд нас ахимаг болсон хойноо дүлий байх явдал нь намайг ном унших явдал руу ороход түлхэц болсон хэмээн дурьдаж байжээ. Детройт номын санд үнэгүй үйлчлүүлдэг эрх олоход нь ч энэ нь тусалсан бөгөөд тэр номын сангийн тавиур хооронд л цагийг өнгөрүүлж унших эрхээ бүрэн ашиглаж байсан гэдэг.
Түүний хамгийн унших дуртай номууд нь цахилгаан, механик, химийн шинжилгээ, үйлдвэрлэл, технологийн номууд байжээ. Ийнхүү энэ чиглэлийн номуудыг уншсаар өөрийн ирээдүйг юмс хэрхэн ажилладагийг сурж судлаад зогсолгүй хийж бүтээх явдал хэмээн ухаарсан байна.

Анхны бүтээл

Эдисоныг төрөхөөс 9 жилийн өмнө Самуэл Ф.Б. Морз төрсөн байсан бөгөөд телеграфыг зохион бүтээж амьдралд хэрэгжүүлээд байсан үе юм. Эдисон ч сайн морзчин болохыг хүсдэг байлаа. Харин нэгэн өдөр түүний амьдралыг өөрчилсөн нэгэн онцгой үйл явдал болсон нь тэр төмөр замын өртөөний нэгэн ажилтны хүүхдийн амийг аварсан явдал байлаа. Ирж буй вагонд дайруулах гэж байгаа бяцхан хүүгийн амийг аварсны ач тусыг талархсан ажилтан аав түүнд морзийг зааж өгчээ. Эдисон морзийг сураад хаягдал төмрүүдийг ашиглан морз дамжуулах төхөөрөмжийг өөрөө урлан бүтээж морз кодоор хичээллэсээр байв.
Ингээд 16 насандаа Канадийн Торонто хотод ирж цахилгаан холбоочны туслах болж морзчин болов. Түүний ажил нь цаг тутамд Торонтод тайлан мэдээлэх ажил байлаа. Харин энэ түүний хувьд цаг барсан ажил санагдсан тул түүнийг унтаж байхад ч ажиллаж байх цахилгаан мэдээг дамжуулах, хүлээж авах багажийг зохион бүтээсэн байна. Харин түүний дарга нь түүнийг ажил дээрээ унтаж байхыг олоод тухайн үедээ ажлаас нь халах дээрээ тулж байжээ.

7/24/2008

Буг

Саяхан би vimomn.net дээр доорхыг саваагүй байдлаар бичсэн чинь улсууд нэг их дургүй хүлээж авахгүй байх шиг болохоор нь блог дээрээ тавьчихая гэж бодлоо.

Анхны лампан диод дээр тулгуурласан компьютер дотор шавьж буюу Англи хэлээр bug орж богино холбоо үүсгэх байдлаар ихээхэн ядаргаа болж байнга л цэвэрлэдэг байж.

Хожим програм дотор алдаа илрэхийг дээрхтэй ижилтгэн Program bug гэх болсон. Мөн програмын алдааг олохоор задлан ажиллуулахыг debug гэх болсон байх юм.

Үүнийг монгол хэлнээ одоогийн байдлаар "програмын бааг" гэж бичдэг. Заримдаа "програмын баг" ч гэх шиг.

Тэгээд би бодлоо л доо. Үүнийг ер нь "програмын буг" гэж орчуулмаар санагдав. Тиймээ буг чөтгөрийн буг гэдэг үгийг хэрэглэе.

Программистуудаа буггүй програм бичицгээж байя.

Энэ хэллэгийг хэрэглэн ярих хэдэн жишээнүүд:

Зөв ажиллаж байгаа програмд бид дуртай. Харин бугтай програмыг хэн ч үзэн яддаг.

Асар их бугтай чөтгөр шүглэсэн програмыг суулгах болон support хийх шиг хар дарсан зүүд үгүй.

Бугийг илрүүлэн програмыг эмчлэх нь програм зохиогч өөрийгөө сорих шаанс байдаг.

гэх мэтээр ярьж болох юмаа гэж. ;)

4/11/2008

Си хэл, нээлттэй эхийн програм хангамж бас бус

Ойрд блог бичсэнгүй. Нэг салхи оруулмаар санагдлаа. Блог бичэхгүй байгаагаа зөвтгөх шалтгаан бас байгаа боловч одоохондоо дурдалгүй орхиё гэж...

Саяхан надаас миний нэгэн анд ийм асуулт асуулаа.

1. Програмчлал сурмаар байнаа. Хамгийн эхлээд ямар програмчлалын хэл сурах вэ? гэж асуудаг юм байна. Тэрээр өөрөө IT-ийн биш мэргэжилтэй, физикийн ухааны Ph.D нэгэн л дээ.

Энэ асуултанд би гэдэг хүн шууд хариулж харамсалтай нь чаддаггүй юм байна даа. Та байсан бол юу гэж хариулах вэ?

Мэдээж олон зүйлээс ямар програмчлалын хэл үзэж эхлэх вэ гэдэг нь хамаарна. Жишээ нь системийн админ нэгэн script хэлүүдийг сурч shell programming чаддаг болохоор зорилго нь хязгаарлагдаж байвал нэг өөр. Мэргэжлийн кодер болох гэж байгаа бол бас нэг ондоо. Хөгжүүлэгч, Системийн шинжээч зохиомжлогч, Тестер, Төслийн менежер болох гэж байгааг бүгдээрэнг нь харгалзаж үзэх хэрэг.

Мөн саяхан мэйлинг листээр онлайн маргаанд оролцож явтал нэгэн анд надад ийм зүйл хэлж байна.
2. Юникс, Си програмчлалыг үзлээ гээд одоо зах зээлд үүнийг хэрэглэх тохироо бүрдээгүй байна. Түүний оронд C#, Delphi, Visual Basic, Java үзвэл илүү хэрэгтэй гэлээ.

Би Их Сургуульд програмчлал цөөхөн хэдэн жил зааж байсан. Мөн үйлдвэрлэл дээр кодер, хөгжүүлэгч, шинжээч, зохиомжлогч, SE, PM гээд бүгдийг нь хальт хульт хийснийх зарим нэг бодлоо энэ тал дээр хуваалцмаар санагдлаа.

Эхлээд 2-р асуултаас эхлэж ярьмаар санагдаж байна. Миний ойлголтоор Их дээд сургууль хүнд хэрэг болох хамгийн суурь боловсролыг олгох нь хамгийн чухал үүрэг нь байдаг. Ялангуяа IT-ийн чиглэлийн хувьд технологийн маш олон чиглэл байх бөгөөд тэдгээрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ нь тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг. Мөн нөгөөтэйгүүр IT салбар бол бүр төгсөгч ямар компанид ажилд орж байгаагаас хамаараад төрөл бүрийн сургуульд огт үзэж байгаагүй зүйл хийж эхлэх нь элбэг. МТ-ийн Компани бүр мэргэшсэн чиглэлтэй заримдаа бүр хэлтэс дэд баг бүр нь мэргэшсэн чиглэлтэй байдаг. Ийм газар очоод ажилд орох нь хийж байгаа ажилын бараг 80, 90%-д нь төрөл бүрийн гарын авлага, заавар, ижил төсттэй нээлттэй бүтээгдэхүүний судалгааг хийдэг. Хүн өөрөө бараг 10-с бага хувьд нь өөрөө шинээр үйлдвэрлэж хийж байдаг шахуу. Ийм л учраас их дээд сургууль зах зээлд тохируулахаас илүүтэйгээр хаана ч ямар ч салбарт очоод хэрэг болох суурь боловсролыг нь нарийвчлан заах нь чухал байдаг. Иймээс харин ч эсрэгээрээ Visual Basic, Delphi гэх мэт програмчлалын хэлийг заахгүй байх нь зөв байх болов уу гэж боддог. (Хэрэв заагаад төгсөгчдийг улам явцуу байдалтай болгоод түүнээсээ нийтээрээ салахаа болох талтай)

Тэгэхээр сайн кодер бэлтгэх суурь боловсрол гэж чухам юуг хэлэх вэ гэдэг асуулт зүй ёсоор гарах байх.
Дахиад өөрөөрөө жишээлэе. Би математикийн мэргэжлийг МУИС-ийн Математикийн факультетэд эзэмшсэн нэгэн. Миний мэдэхийн физик, математикийн мэргэжлээс IT-руу орсон сайн мэргэжилтэн би олныг мэддэг. Мөн одоо ажил дээр ажиллаж байх явцад ч тэр зарим нэг проблем шийдэх, код загварчлал хийхэд ч тэр математикийн мэргэжил дээр заалгаж байсан ойлголтууд хэрэг болох нь бараг өдөр болгон гарч байдаг. Магадгүй миний сурах арга математикаар дамжсан болоод ч тийм байдагийг үгүйсгэхгүй. Гэхдээ гол хэлэх санаа нь математикийг хаана хэрэглэхийг их сургуульд бараг заадаггүй. Хаана хэрэглэхээ ч би өөрөө мэддэггүй байсан. Суурь мэдлэг гэдэг харин хаана ч хэрэг болдог хэрэг. Математикийн яриаг түр орхиод МТ-ийн яриандаа ороё.

Програм бичнэ гэдэг нь өгөгдсөн ганц бодлогыг халз дайраад алгоритм зохиомжийн уран шийдэл олоод ажилладаг програм бичиж дуусгаснаар асуудал дуусдаггүй. Амьдрал дээр програмын хэмжээ гэж нэг том өршөөлгүй зүйл бий. Үүнээс болоод ганцаараа програм бичнэ гэж үгүй заавал ямар нэг багийн гишүүн байж хамтаараа нэгэн том ажилладаг системийг хийх хэрэгтэй болдог. Олон төрлийн технологи, програмчлалын хэл, янз бүрийн хамтрагч, төрөл бүрийн сангуудыг хэрэглэнэ гээд толгойдоо цэгцлэхийн аргагүй олон хамаарал зүйл болж хувирна. Гэвч энэ бүгдийг нээлттэй эхийг хөгжүүлэгчид амжилттайгаар бүр зугаатайгаар хэрэгжүүлж байна. Тэд чухам яаж ажилладаг вэ?

Үйлдлийн Системийг хийнэ гэдэг бол агуу ажил. Гэтэл үүнийг дэлхийг тойрсон сайн дурын программистууд хийгээд эх нь нээлттэйгээр байж байна. (Мэдээж хүн бүр Linus Torvaldo шиг агуу байх албагүй) Нээлттэй эхийн том бага маш олон төслүүд төрөл бүрийн байдлаар менежментээ хийгээд нүүр тулж үзээгүй програмистууд нэгэн бүтээгдэхүүнийг дэлхийн хэдэн өнцгөөс хувааж аваад хийж байна. Хуваана ч гэж бүр нэг файл доторх кодыг хэдэн талаас нь засаад зассанаа нийлүүлээд төвөггүй төсөл хөгжиж байна.

Энэ бүгдийг зохицуулалт нь эх кодын менежмент, асуудал бэрхшээл хөтлөлт түүнийг шийдвэрлэх менежмент, асар олон багцуудын хамаарлын менежмент, бүтээгдэхүүний рилийз хийх менежмент, тест туршилтыг хийх менежмент, тархан суугаа нүүр тулж ч байгаагүй багийн гишүүдтэй нэгэн баг болон ажиллах гайхамшигтай ажиллах хэлбэр гээд арга хэлбэр эдүгээ төлившөөд эрчээ аван хөгжиж байна. Энэ дунд ажиллаж байсан программист ямар ч албан газар очсон өөрийнхөө гар хөлийг байрлалаа хаана байгааг олоод хардаг, төсөл хаашаа өнхөрч би тэнд нь юу гүйцэтгэж байгаагаа сийрэг хардаг болсон байдаг.

Дээрх суурь чадваруудыг хаана хэрхэн олж авах вэ гэвэл яахын аргагүй C, Java мэт хэлүүдээр эхлэлээ тавьж, нээлттэй эхэд хүчээ үзэж байж олж авах нь хамгийн сайн арга байдаг гэдэгтэй санал нэгдэх байх гэж найдаж байна. Гэхдээ миний хувьд C-ийг анхлан үзэж байсан бөгөөд одоо бодоход бүх л суурийг энэ хэлээс олж авсан байдаг болов уу. Гэхдээ дээр хэлсэн анх програчмлал сурч байгаа хүнийг Java үзэхийг зөвлөх гэтэл бас асуудлууд байнаа. Гэтэл С-г сурснаар бас давуу талууд ч байнаа.

Гэхдээ энэ бүгд миний хувийн бодол гэдэгийг дурдаад үргэлжлүүлэхэд Монголын Их дээд сургуулиудын компьютерийн лабораторийг бүгдийг нь Linux болгоё. Microsoft Windows-ийг больсон дээр гэж бодоод байгаа. Яахав албан газар, багш эдэр Windows хэрэглээд байж байхад асуудал байхгүй. Зөвхөн их дээд сургуулийн бүх лабораторийг л ийм болгох нь зүйтэй юм гэж бодоод байгаа юм. Боловсролын байгууллагын хувьд нээлттэй эхийн бүтээгдэхүүн хэрэглэхийн олон олон давуу талыг би энд цувуулан бичсэнгүй. Тэр нь өөрөө эргээд маш том хүрээг хамарч таарна.

За төгсгөлд нь энэ хүртэл уншсан үүгээр зорчин өнгөрөгч таниас нэг зүйл асууя. Дээр асуусан манай найзын асуултанд юу гэж хариулах вэ? Тэрээр мэргэжлийн программист болох гэсэн нэгэн л дээ. Та юу гэж зөвлөх вэ чухам яагаад? Мөн 2-р асуудал дээр ч бодлыг тань сонсоход маш сонин байна.

2/12/2008

CMMI гэсэн үг Япон хэлээр

CMMI=Capability Maturity Model Integration=能力成熟度モデル統合

Дээрх нэр томьёог орчуулах албагүй ч үг нэг бүр нь дангаараа хэрэглэх
үзэгдэл элбэг тул ямар нэг хэмжээгээр орчуулах нь зүйтэй бололтой.
Японууд яаж орчуулсныг сонирхоё.

Capability=能力гэж орчуулсан байгаа.
能 гэдэг бол авьяас, 力 гэдэг бол чадал гэдэг утгатай ханзууд бөгөөд
нийлээд авъяас чадвар буюу "чадавхи" гэсэн үг болох байх.

Maturity=成熟度 гэж орчуулсан байгаа.
成 гэдэг нь болох, 熟 гэдэг нь бүрэн гэсэн утгатай бөгөөд Япон хэлэнд 2
ханз нийлж нэр үг үүсгэж байгаа тохиолдолд голдуу хойноосоо урагш нь
нийлүүлж харахад эцсийн утгаа хэлдэг. Тэгэхээр энэ 2 ханз нийлээд
бүрэн болсон буюу "боловсорсон" гэсэн утга илэрхийлж байна.
度 гэдэг нь ямар нэг зүйлийн түвшин хэмжээг илэрхийлдэг бөгөөд эцсийн
байдлаар "боловсролын түвшин" гэдэг утгыг илэрхийлэх юм байна. Үүнийг
товчоор боловсорсон, боловсорсон байдал гэх мэтээр ярьж болох байх.

Integration=統合 гэж орчуулсан байгаа.
統 гэдэг нь хянах, 合 гэдэг нь уулзсан гэсэн утга бөгөөд уулзаж
хянагдсан, нэгдмэл, цогц гэсэн утгыг илэрхийлнэ. Үүнийг товчоор "цогц
байдал" гэж ч хэлж болох байх.

Дээрх CMMI гэдэг үгийг гэхдээ нийлүүлээд хэлэхэд төвөгтэй юм. "Чадавхи
Боловсролын Загварын Цогц" гэж муйхардаж орчуулж болох л юм. Гэхдээ
CMMI-раа байсан нь дээр байх.

Дээрх дээр зарим нэг хэрэглэх хэлбэрийг товч жишээлж үзэе.

Company Capability → Компаны Чадавх
Matured Company → Боловсорсон Компани
Company Maturity → Компаний боловсорсон байдал

гэх мэтээр ярьж болох байх. Энгийн Монголоор ярихад дараах байдлаар
ярьж болох юм. (Хэл бичигийн авъяас мууг харгалзаж ойлгоорой)
Жишээ:
Компани хичнээн чадавхитай байлаа гээд бүрэн боловсроогүй бол
өөрийнхөө хамгийн өндөр бүтээмжээр ажиллаж чаддахгүй байх нь элбэг
байдаг. Чанартай, оновчтой ажиллах хэлбэр олон байж болох ч компаний
процесст гарцаагүй шаардлагатай зүйлс гээгдсэн байх нь элбэг байдаг.
Мөн дотоод процессын уялдаат холбоо цогц байдал нь бүрэн хяналтанд
ороогүй байх нь элбэг. CMMI нь боловсорсон компанид гарцаагүй байвал
зохих зүйлсийн загварыг цогц байдлаар томьёолон гаргасан дэлхийд
хүлээн зөвшөөрөгдсөн загвар юм.